Ireport - Mongol News!

Хятадууд гудамж талбайгаа ихэвчлэн шөнийн цагаар цэвэрлэнэ. Ингэхдээ бүр засмал зам гэлтгүй бүгдийг нь толийтол нь угаана гээч. Шөнийн цагаар цэвэрлэдэг шалтгаан нь хүмүүсийн хөл хөдөлгөөн татарсан байдагтай холбоотой. Угаах арга барил нь маш энгийн. Эхлээд савантай алчуур барьсан ажилчид гудамж талбайгаа арчина. Үүний дараа ус дамжуулах хоолой барьсан залуус саван түрхсэн талбайг нэлэнхүйд нь шүршиж цэвэрлэнэ. Ингэснээр зам талбай, явган хүний замынх нь өнгө төрх нь сайжраад зогсохгүй насжилтад нь ч нөлөөлдөг бололтой юм.

Бүх газартаа ус зайлуулах шугамтай учир цэвэрлэгээ хийх үеэр зам талбай дээр нь ус тогтохгүй хормын дотор л шүүрчихэнэ. Манайхаар бол хааяа хотын төвөөр зам угааж явдаг машин шиг л. Гэхдээ манайд ус зайлуулах хоолой хомс учир өдөр бүр хятадууд шиг зам талбайгаа савантай усаар угааж цэвэрлэх боломж бололцоо бидэнд байхгүй. Нөгөөтэйгүүр, Засгийн газар, хотын удирдлагууд нь зам тавих ажилд нэлээд ач холбогдол өгч хөрөнгө хаях болсон өнөө цагт ус зайлуулах хоолойг нь давхар хийгээд дараа нь угааж цэвэрлээд байхад болохгүй гэх зүйлгүй болов уу.

Бээжин хотыг Хятадын нийслэл гэдгээр нь бид мэдэх ч бодит байдал дээрээ олон улсын худалдааны төв шиг болжээ. Нэг ёсондоо бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд нь дэлхийн брэндийнх бол хэрэглэгчид нь мөн л гадаадууд. Ихэвчлэн оросууд. Зах зээлийн нийгмийн үед монголчууд ганзагын наймаа хийхдээ Бээжингээс бараагаа авч Орост аваачиж зардаг байсан бол өдгөө тэд өөрсдөө Хятадад ирж худалдан авалт хийдэг болжээ. Авууштай нэг зүйл нь ямар ч брэндийн бараа бүтээгдэхүүний худалдааг үндэсний мөнгөн тэмдэгт юаниар хийнэ. Тодорхой хэлбэл, тэнд ямар ч бараа бүтээгдэхүүнийг гаднын мөнгөн тэмдэгтээр наймаалцдаггүй хэрэг. Гэхдээ Бээжинг нэлэнхүйдээ европжсон гэвэл өрөөсгөл болно. Тэд европуудад зориулсан худалдааны салбаруудыг түлхүү хөгжүүлээд зогсохгүй үндэснийхээ зан заншлыг сурталчилсан үйлчилгээний төвүүдийг ч хослуулсан байх жишээтэй. Нэг ёсондоо томоохон брэндийн дэлгүүр болгоны хажууханд хятад хоолны газар, үндэсний өв уламжлалыг нь илтгэсэн бэлэг дурсгалын жижигхэн дэлгүүр, хоршоо үүргийн наймаачидтай олон таарна.

Европуудтай байнга худалдаа наймаа хийдэг болоод ч тэр үү бүгдээрээ хоёроос гурван орны хэлтэй. Бүр орос хүн шиг ярих жижигхэн дэлгүүрийн худалдагчтай таарах нь ч энүүхэнд. Бодвол байнга худалдаа хийсээр байгаад оросоор яриад сурчихдаг бололтой юм. Нөгөөтэйгүүр, жижиг сажиг наймаа хийх нь ч тэдэнд бараг л үнэгүй шахуу хоёр, гуравдагч орны хэл сурах боломжийг  олгодог болсон нь энэ. Гэхдээ хятадууд дан ганц худалдаа наймаа эрхлэхийг эрмэлздэггүй. Гаднаас ирсэн жуулчдад өөрсдийн өв соёл, зан заншлаа сурталчлах нь үзэл иргэн бүрийнх нь толгойд “хадаастай” байдаг гэж хэлж болно.

Бээжинд “Элчин сайдуудын” тойрогт үе үеийн сайдуудынх нь амьдарч байсан эртний гудамж бий. Одоогоос 200-300 жилийн өмнө байгуулж байсан энэхүү гудамжийг сонирхохоор ирэх жуулчид ч олон. Бид түүх соёлын дурсгалт газраа тордох бус тал талаас нь эмтэлж барилга байшин барьдаг бол хятадууд өөр. Ойр орчмынх нь зам талбайг засч сайжруулсныг  эс тооцвол тус гудамж 200-300 жилийн өмнөх яг л тэр хэвээрээ. Тэнд байх дүнзэн байшингуудынхаа модыг нь хүртэл будаж өнгө төрхийг нь сэргээдэггүй юм байна. Нэг ёсондоо анхны хэв маягаараа байх нь он цаг улирах тусам тухайн гудамж, тэнд байгаа байшингуудыг улам үнэ цэнтэй болгож байдаг бололтой.

Төр нийгмийнх нь нэрт зүлтгэлтнүүд, сайдууд нь амьдарч байсан эл гудамжны нэгээс нь нөгөө үзүүр хүртэл танилцаад явахад бараг хагас өдрийг зарцуулна. Тиймдээ ч жуулчдад амсхийх боломжийг нь олгох зорилгоор гудамжны гол хэсэгт нь бэлэг дурсгалын дэлгүүр болон хоолны газар ажиллуулдаг юм байна. Онцлог нь эдгээр дэлгүүр, хоолны газар нь бүгдээрээ хятадын дүр төрхийг илтгэсэн байх аж. Өөрөөр хэлбэл, гаднаас ирсэн жуулчдад өв соёлоо танилцуулахын хажуугаар үндэсний үйлдвэрлэлээ давхар сурталчилж зарж борлуулах нь тэдний нэг бодлого юм байна.

Энгийн нэг шаазан аяганаас эртний дүр төрхийг илтгэх сувенэйр, гар урлалын бараа бүтээгдэхүүн нь 10-1000 юанийн үнэтэй. Хятадыг зорих жуулчид ихэвчлэн тэндхийн эртний уламжлал өв соёлтой танилцах зорилгоор ирдэг учир ийм төрлийн бараа бүтээгдэхүүн ч овоо гүйлгээтэй. Өдгөө манайд Бээжингийн эртний гудамжтай дүйцэхүйц Богд хааны ордон музей, Чойжин ламын музей гэх зэрэг Монголын түүх соёлыг илтгэсэн үнэ цэнтэй цөөн тооны барилга байгууламж бий. Гарын арван хуруунд багтах газруудаа тордоод хажуугаар үндэсний гар урлал, түүх соёлыг харуулсан бэлэг дурсгалын жижигхэн худалдаа эрхэлж болмоор. Ингэлээ гээд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ үү гэхээс гаднаас ирсэн жуулчид сэтгэл ханамж дундуур буцахгүй нь тодорхой. Харамсалтай нь, бүтээж байна гээд сөнөөдөг сэтгэхүйтэй бидэнд салаагүй цагт Бээжингийн эртний гудамж шиг болгож хөгжүүлэх нь өвснөөс зүү хайхтай л адил сонсогдох биз. Гэхдээ хийе гээд сэтгэл гаргавал болохгүй гэх зүйл үгүй. Гагцхүү бидэнд хийх сэтгэлгээ нь дутаж байгааг Богд хааны ордон, Чойжин ламын одоогийн дүрх төрх, ойр орчимд нь барьсан барилгуудын жишээнээс харж болно.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын удирдлагууд зарим арга хэмжээг хэрэгжүүлж буй. Эхлээд нийтийн тээврийн автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулсан. Үүнийхээ дараа замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад оруулж түгжрэлтэй тэмцсэн. Гэвч замын түгжрэл буураагүй. Сүүлд төв замаар хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслээс сар бүр татвар авах санал дэвшүүлсэн ч иргэдийн дэмжлэгийг аваагүй. Энэ мэтээр нийслэлийн удирдлагууд түгжрэлтэй тэмцэж байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй л байна. Тэгвэл Бээжингийн хувьд манайхтай адилхан ч давхар зам тавих замаар түгжрэлтэй тэмцдэг юм байна. Өөрөөр хэлбэл, манайд замаа өргөсгөж тэмцэж буй бол тэд давхар зам тавьж тэмцдэг байна.

Мэдээж Бээжинг Улаанбаатартай харьцуулах нь өдөр шөнө шиг ялгаатай байх. Гэхдээ хүн амынхаа тоогоор ч, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслээр ч хэдэн зуу дахин их хотод замын түгжрэлээ хялбархан аргаар шийдэж буйд асуудлын зангилаа байгаа юм. Нэг ёсондоо замаа өргөсгөх биш давхар зам барих нь түгжрэлээс ангижрах хамгийн оновчтой шийдэл гэдгийг тэндээс харж болно. Өөр нэгэн түгжрэлтэй тэмцэх арга нь төв зам дагуу байрлуулсан хяналтын самбар. Тодорхой хэлбэл, Бээжингийн замын хөдөлгөөний удирдлагын төвөөс түгжрэлтэй байгаа замуудын талаарх мэдээллийг минут тутамд тухайн хяналтын самбарууд дээр гаргадаг аж. Харин замын хөдөлгөөн оролцож байгаа жолоочид хяналтын самбар дээрх мэдээллээс аль зам хөдөлгөөний удаашралтай байгааг харж өөр замыг сонгодог байна. Замын цагдаа ч түгжрэлтэй зам дээр очиж хөдөлгөөний зохицуулалт хийхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түгжрэлтэй зам руу орж уур бухимдлаа бардаггүй хэрэг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын толгойд нь ч хяналтын самбараараа дамжуулан аль замаар явахаа төвөггүйхэн сонгодог ухамсар хэдийнэ төлөвшсөн байдаг аж. Тиймдээ ч ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөн хоёр гурван цагаар түгжрэх асуудал энд төдийлөн гардаггүй байна.

Нэгэн үе Хятад улс бүтээн байгуулалт хийж байна гээд нэлээдгүй газар нутаг, ногоон байгууламжаа устгасан гэдэг. Харин өнөөдөр тус улс ямар ажлыг хийсэн “Ногоон бодлого”-г барьдаг болжээ. Жишээ нь, төв гэлтгүй бүхий л замынхаа хажууд нэлэнхүйд мод, бут тарьж тохижуулсан байх. Бүтээн байгуулалт хийх зорилгоор хашаалсан газарт хүртэл ногоон байгууламжийнх нь зай талбайг нарийн тусгасан байдаг гэх. Тэнгэр баганадсан өндөр барилга байгууламжийнх нь ойр орчимд гэхэд бичил цэцэрлэгт хүрээлэн гэлтэй мод тарьсан байх жишээтэй. Манайх шиг замаа өргөсгөх, шугам сүлжээгээ шинэчилж байна гээд ногоон байгууламжаа устгадаггүй хэрэг.

Нэг зүйлийг нэмж дурдахад хятадын хооллох соёлоос суралцах зарим зүйл бидэнд бас байна. Өөрөөр хэлбэл, манайх шиг тус тусдаа хоолоо идчихдэггүй. Ихэвчлэн гэр бүл, найз нөхдөөрөө ширээ тойрч суугаад нэг тавагнаас хоолоо хувааж иднэ. Магадгүй энэ нь тийм ч сонин зүйл биш санагдаж болно. Гэхдээ тойрч суугаад нэг тавагнаас хоолоо хувааж идэх нь тэднийг нэг цустай, нэг үндэстэн гэдгийг нь илтгэж байдаг аж. Дээр нь тойрч суугаад хооллох нь гэр бүл болон найз нөхдийн хоорондох холбоог улам бататгаж өгдөг ажээ.

Мөнхийн хөршөөс авах мөлжүүртэй зарим санааг дурдахад энэ байна. Нэг ёсондоо тэрбум давсан хүнийг нэг бодлогоор зангидах Хятадын бодлогын хамгийн энгийн зарчим нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй хувь хүний хөгжил, ухамсарт нь чиглэсэн байдгийг эндээс харж болно. Тэдний зах зээл дэлхийд нээлттэй болохын хэрээр тэнд ажиллаж амьдарч байгаа ард иргэд нь үндэснийхээ өв уламжлалаа хайрлан хамгаалах, бусдад сурталчилах сэтгэлгээтэй болсоор байна. Магадгүй энэ нь тус улсыг хүчирхэг гүрэн болгох бас нэгэн баталгаа нь болдог байж болох. Тиймээс хятад гэх үгийг сонсохоороо цээжээ дэлдэн чичлэхээ түр анзаад тэднээс авч болох авууштай санааг нь өөриймшүүлж авбал ямар вэ. 

3
0
1

одко 202.179.10.70 Гоё авууштай нийтлэл байна аа төр засгийнханаас ч юм уу хэрэгжүүлэх шатны хэн нэгэн нь мэддэг бол хэрэгжүүлмээр л санаанууд байна 10-р сарын 22 -нд, 12:09 минутанд

Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд