Ireport - Mongol News!

Гурван өдөрчийн газраас толгодын орой нь өндөлзөн тосдог, говь сайхан нутаг. Зэрэглээнд нь заг, сухай, тоорой нь амьтай юм шиг хөдөлж үзэгдээд, баян бүрдэнд нь хулан, тахь, хавтгай, мазаалай усанд орж, элсэн манхан ээрэм талд нь хулангийн тоос босоод, нар тунаад... мөн ч сайхан даа.

Анх очиж байгаа хүнд диваажин л ийм байдаг болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрнөм...

Говийн шөнө бүр ч гоё. Хааяахан чоно улих, хулан унгалдах, хавтгайн, ботго нь үхсэн ингэ, ботгоо дуудан буйлах дууг эс тооцвол анир чимээгүй ноёрхож, тэнгэрийн гүн харанхуйг зүсэж солир харвана. Говийн ийм шөнө түүдэгийн дэргэд өвгөн байгаль хамгаалагчаар түүх яриулж, өдрийн судалгааны ажлын тэмдэглэлүүдээ эмхэтгэн бас шүлэг тэрлэн суух нь жинхэнэ л судаач хүний жаргал аа ...

Уг нь ийм байсан юм. Одоо!!!... Алт хайгчид судаг бүрийг нь сэндийчиж, ашиг хайгчид зээрийн усанд орохыг хүлээн баянбүрдийг нь сахиж, талд хулангийн тоос биш шороо ачсан хүнд даацын машины тоос босож, заг ачсан тэргүүд шөнөчин цуваад, өдөр нь тайван ч ус уулгаагүй зээрийн сүргийг шөнө ахиад л гэрэлтүүлнэ. Энэ бол орчин үеийн говийн нэг хоногийн дүр зураг.

“Хараа сунгам цэлгэр говьд нь Хулангийн сүрэг хуйлран давхина”… гэж говиа магтан дуулдаг. Харин одоо энэ дууны үгийг орчин үеийн говийн өнгө төрхийг тусгасан үгээр сольчихвол яасан юм вэ гэсэн бодол хааяа надад төрдөг юм. “Хараа хорсгом тоостой говьд нь Харийн техникүүд уралдан давхина” гэж… Бид говио ийм л болгочихоод сууж байна. Алтан өндөг гаргадаг тахиагаа алаад алтыг нь нэг мөсөн авах гэсэн тариачны үлгэр монголд биелэлээ олоод байна. Говь нутгийнхаа газар шороог сэндийчэн, там болгон байж олж авсан жаахан алт нь ердөө л нэг хоногийн хоолны мөнгө. За их л бодоход 10 жилийн хоолны мөнгө. Харин энэ говио гадны хөрөнгөтөн орны иргэдэд сурталчилж, тэдний анхаарлыг татан аялал жуулчлалыг хөгжүүлж чадах аваас говь маань танд ганц хоногийн хоолыг чинь биш, бүр хэдэн үеийн чинь хоолыг бэлдээд өгнө.

2010 онд Монголын говь дэлхийн шилдэг аялалын 100 -н маршрутад багтсан шүү дээ. Монголын говиос анх үлэг гүрэлийн чулуужсан өндөг, араг яс олдсон. Бүр эртний хүний анхны ул мөр энэ л говиос олдсон шүү дээ. Хүн төрөлхтний үүсэн бий болсон байх магдлалтай таван газрын нэгд зүй ёсоор нэрлэгддэг. Тэр ч бүү хэл дэлхийн улаан номонд бичигдэж, биологийн төрөл зүйлийн мөхөж байгаа гэсэн ангилалд бичигдэж, цөөхөн тоотой /12-оос дээш/ үлдсэн говийн баавгай мазаалай энд л өсөн торниж, мөхөх сэхэхийн заагт хорвоотой тэмцэж байна шүү дээ. Энэ мэтчилэн говь нутгийг магтаад байвал цаг, цаас даанч их орно.

ХХ зууны аялал жуулчлалын чиг хандлага хүний гараар хийж бүтээсэн, уран барилга, уран баримал, урлагын зүйлд чиглэж байсан бол ХХ1 зуунд аялал жуулчлал байгалийн унаган төрхөө хадаглаж үлдсэн, хүний гар бага хүрсэн тийм л газар ороныг үзэж сонирхоход чиглэж байна. Харин тийм газар нь өнөөдөр дэлхийд монголын говиос өөр байхгүй болчихоод байна.

2009 онд гаргасан, дэлхийн банкны судалгаагаар монголын говьд нэг ээлжиндээ 5 сая жуулчин хүлээж авах бүрэн чадавхитай гэж үзсэн байдаг. Өнөөдрийн байдлаар монголд жилд дундажаар 400.000 жуулчин ирдэг. Эдгээр жуулчид бүгд л монголын байгалийн унаган төрх, ард олны эртнээс уламжлан дагаж мөрдөж ирсэн ариун ёс заншилд хөтлөгдөн ирдэг. Одоо яаж энэ хөрөнгөтөн орны иргэдийн халаас руу өнгийх талаар жаахан зүйл яръя. Жуулчдыг энгийн, жаахан л юмаар анхаарлыг татаж болдог.

Жишээлбэл тэмээ. Европын орны иргэд тэмээг элсэн далайн хөлөг гэж ихэд хүндэтгэн үздэг. Тэр дундаа хоёр бөхтэй тэмээ төв азиас бусад оронд байдаггүй. Говийн айлууд дотор ганц тэмээгүй айл гэж хаана ч байхгүй. Тэгвэл энэ тэмээгээрээ дамжуулж, жуулчидыг татах энгийн арга байдаг. Тэмээндээ өнгөтэйхэн тохом хэрэгсэл тохож, өнгө зүсийг нь жаахан өөд татаад л тэмээ чинь таны мөнгөний машин болж хувирна. Нэг жуулчин танай тэмээтэйг унаад юм уу, дэргэд нь зогсоод зургаа татуулахад л танд 10$ ороод ирнэ. Нэг сайхан уруул чимчигнэм ингэний хоормог хийгээд жуулчид худалдахад бүр ч “алаад” хаячихна. Ингэний аарц, аарууланд гадныхан хичнээн дуртай гээч. /би тэмээтэй газрын хүүхэд мөн олон жил говьд судалгаа хийж, гадны судлаачидтай цуг ажиллаж байсан болохоор энэ бүгдийг мэдэж байна./ Ингэний хоормогийг манай “ууган” сансарын нисгэгч, хөдөлмөрийн баатар, монгол улсын баатар Жигдэрдэмэдийн Гүррагчаа сансарт нисэхдээ авч явсан, ингэний сүү, цагаан идээнд кальци, төмөр зэрэг хүний биед хэрэгтэй эрдэсүүд ихээр агуулагддаг гэдгийг “цаад нөхөдүүд” чинь та биднээс илүү мэддэг юм./

За тэгээд сүйхээтэй нэг нь бол тэмээгээ унуулж гэрийнхээ хойт толгой дээр цуг гарч ирчихээд, тэрийгээ тэмээн аялал гээд нэрлэчихэж болно. Харин тэмээн аялалын тухайд аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Амархан байгаа биз. Гадны иргэдтэй харьцахад хэл нэвтрэлцэхгүй бэрхшээл байдаг ч дээр бичсэн зүйлүүдийг хэрэгжүүлэхэд дохио зангаагаар ойлголцоод байж болно. Ер нь гадаад гэлтгүй, говьд очиж үзээгүй монгол хүмүүс зөндөө байгаа. Тэдэнд үйлчилж болно. Говьд багаахан хэмжээний аялал жуулчлалын бааз барьчихмаар байрлалтай газар захаас аваад л байгаа. Монголын говьд ирсэн жуулчид тэнд нар жаргахыг л харахыг хүсдэг. Харин говийн наран жаргах нь бүх л газраас ижилхэн, үзэсгэлэнтэй харагддаг юм. Монголын говьд шороо ухаж биш тархиа ухаж амьдрах юм бол хэнээс ч дутуугүй сайхан амьдарч болно.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө үлддэггүй гэж...

Та бид өөрчлөгдөх хэрэгтэй. Зөвхөн өмсөж байгаа хувцасаа үнэтэй, гадаадын брэнд хувцасаар солих биш, сэтгэхгүйгээ өөрчилж, монголоор мөрөөдөж эх орныхоо хөгжил цэцэглэлтийн нэгэн хөдөлгүүр нь болж өгөх хэрэгтэй байна. Говьд гэр бүлийнхээ хүрээнд “бичил” аялал жуулчлалыг бий болгож, эх орныхоо үзэсгэлэнт газруудыг жуулчидад танилцуулж чадаж байвал та эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Монгол орон баян, тэр дундаа Mонголын говь бүр ч баялаг. Энэ “бэлэн хоолыг” халбагадаад идэх чадвар эрх биш хүн танд байгаа байлгүй. Бэлэн хийчихсэн хоолоор дахиж хоол хийж болдоггүй шүү дээ. Хэрвээ та хийгээд, идэхэд бэлэн болчихсон хоолыг дахин тогоон дээр хийж өөр хоол хийхийг хүсвэл, түлэгдээд юу ч үгүй болж, та хоосон хононо гэсэн үг. Ийм мунхаг хүн монголчууд дунд маань цөөхөн байгаа гэдэгт итгэж явдаг юм. Оюун ухаанаараа бусад хөхтөн амьтдаас ялгарч чаддаг “Хүмүүн” танд “сохорсон” өдөр байхад мэлмий тань нээгдэх өдөр ирнэ гэдэгт итгэж Говьд маань цөөхөн хэдэн мазаалай маань тааваараа явж, хулан тахиуд нь уралдан давхиж, заг, сухай, тоорой нь зэрэглээндээ бүжиж, наран тунадагаараа тунаж, Явуу найрагчийн “Говь” шүлгэнд гардаг тэр л говь хэвээрээ хадгалагдан үлдээсэй гэж хүснэм.

Говийн эзэн- мазаалайн заяа түшиж, Монголын говь амгалан байх болтугай.

4
0
0
Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд