Ногоон хөгжлийн тухай ойлголт Монгол хүнд хамгийн ойр ойлголт юм. Ногоон хөгжил гэж товчоор хэлэхэд хэмнэлттэй амьдралын хэв маягийг л хэлээд байгаа юм. Монголчуудын уламжлалт нүүдлийн соёл иргэншил ч материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилсан байдаг. Бид уламжлал дээрээ суурилж, дэвшилтэт технологиор дэмжиж ногоон хөгжилд тэмүүлбэл илүү ойр юм.
2012 оны 6 дугаар сард буюу 20 жилийн дараа Бразил улсын Рио де Жанейро хотноо дахин зохион байгуулсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлаас өнөө болон хойч үеийнхэнд тогтвортой ирээдүйг баталгаажуулахын тулд эдийн засаг, нийгэм болон байгаль орчны харилцан уялдаа, нөлөөллийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгааг дахин онцолсон байдаг.
Хөгжил бол хүний сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө л байх ёстой. Харин хүний сайн сайхан, аз жаргалтай амьдрахын эх сурвалж бол байгаль орчин билээ. Цэвэр орчин (ус, агаар, хөрс) болон эрүүл экосистем бол бидний амьдралыг тэтгэх тогтолцоо юм. Хоол хүнс, ноос ноолуур, мод, эм зэрэг нь экосистемийн бүтээгдэхүүн байдаг. Амарч алжаалаа тайлахдаа ч бид экосистемийнхээ үйлчилгээг хүртдэг.
Хэдийгээр өнөөдөр ногоон эдийн засаг гэдэгийг байгаль орчны хувьд ээлтэй, байгалийн нөөцийг зүй зохистой ашигласнаар хүний нийгмийн тогтвортой амьжиргааны эх үүсвэр хэлбэр байх болно гэсэн олон улсын ерөнхий томьёолол байгаа боловч эрс тэс уур амьсгалтай, ирээдүйн хөгжлөө байгалийн баялагын ашиглалт дээр тулгуурласан хандлагатайгаар гаргаад буй манай орны хувьд эдийн засгийн гол салбаруудаа энэхүү ногоон эдийн засагт хэрхэн тохируулж шилжүүлэх арга зам нь маш өргөн хэмжээний судалгаа, тооцоонд тулгуурлан байж гарч ирэх зүйл байх талтай. Ийм утгаараа, эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан болон дэд бүтцийн хөгжлийн ирээдүйг ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн зарчим, үзэл баримтлалтай уялдуулан боловсронгуй болгох талаар бодлого, стратегийн санал, зөвлөмжийг боловсруулан үүнд хэрэгцээтэй хөрөнгө санхүү, хүний нөөцийн тооцоо судалгааг гаргах нь дагнасан нэг чиглэлийн төрийн бодлогын судалгаа, үйл ажиллагаа явуулдаг яам болон байгууллага, эрдэмтэн судлаачдын хувьд хийж гүйцэтгэх боломж муутай, өрөөсгөл байж болох талтай учраас Засгийн газар-судалгааны хүрээлэн-хувийн хэвшилийн хамтын ажиллагаа маш чухал юм.